Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх тайлангийн хурал өнөөдөр /2022.12.28/ боллоо.
Хурлыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Зам, тээврийн салбар бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн “лугших судас” нь билээ. 2022 онд бид салбартаа олон ажлыг хийж бүтээлээ.
Авто замын салбарт шинээр 483 км авто зам, 500 метр гүүр ашиглалтад орууллаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын нийт урт 7.833 км болоод байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. 2023 онд үлдсэн 1 урсгал 2 эгнээ замын барилгын ажлыг дуусгаснаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 урсгал 4 эгнээ нэгдүгээр зэрэглэлийн зам бүрэн ашиглалтад орно. Монгол Улсыг урд хойд хөрш, Ази Европтой холбосон авто замын 2 дахь коридор нээгдсэн. Баруун босоо тэнхлэгийн АН-4 745 км авто зам ийнхүү бүрэн ашиглалтад орсноор манай улс Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 коридортой боллоо.
Автотээврээр 2022 онд 28.39 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс тээвэрлэсэн ачаа 11.98 сая тонн буюу +72%-иар өссөн байна. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимаар авдаг болгож, экспортын тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь зохион байгуулдаг болгон хэвшүүллээ.
Агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн зарчимтай ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улс 2022 онд шинээр 13 агаарын хөлөг хүлээн авснаар нийт 51 агаарын хөлөгтэй болсон. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, АНУ уруу анх удаа шууд нислэгтэй болох боломжтой бүрдлээ. Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд 7 хоногт 34 удаа нисэх, МИАТ ТӨХК, Туркиш Эйрлайнс компанитай Code-Share буюу аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулж, Европ, Хойд Америк, Ойрхи Дорнодын 16 чиглэлд хямд тарифаар хурдан нисэх боломжтой болсон.
Мөн Монгол Улс БНСУ-ын хооронд 7 хоногт 70 хүртэл нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлж, агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж, Монгол Японы хооронд 7 хоногт 62 удаагийн нислэг үйлдэх давтамжийг хоёр улсын Засгийн газар тохироод байна.
Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай боллоо.
Мөн Замын-Үүд - Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо хоногт 6 хүртлээ буураад байсныг 2022 онд 16 хүргэж улмаар дунджаар 14 галт тэрэг солилцож, Тяньжинд хуримтлагдсан 5780 чингэлгийг 1300 болгон бууруулж, хэвийн түвшинд нь хүргэж чадлаа.
Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын чингэлэгтэй ачаа өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 178 хувиар өсөж, чингэлгийн хуримтлалыг 64.5 %-аар бууруулаад байна. Мөн түүхэндээ анх удаа Эрээн өртөөнд 17 галт тэрэгний цувааг хүлээлгэн өглөө. Цаашид Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог хоногт 18-аас 20 хүргэхээр ажиллаж байна. Мөн вагон хуваарилалтыг олон нийтэд ил тод, цахим системд шилжүүлж төмөр замын экспортын ачааны тарифыг 15-аас 20 хувиар нэмэгдүүллээ. Үүний үр дүнд УБТЗ олон жил хуримтлагдсан алдагдлаа нөхөх, үйлчилгээгээ чанаржуулах, эхний ээлжинд 280 км хос төмөр замтай болох, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замыг өргөтгөн шинэчлэх, урсгал зардлаа бууруулах замаар 16 мянган төмөр замчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах эдийн засгийн боломж бололцоо бүрдэж байна.
Авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилт дэвшүүлсний хүрээнд 2022 онд салбарын 64 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia цахим үйлчилгээний портал дээр 24 үйлчилгээг оруулж, “Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ"-ыг хөгжүүлж байна. Ингэснээр олон нийт салбарын мэдээллийг шуурхай, ил тод авах боломж бүрдэн, мэдээлэл цуглуулах, түгээх хугацаа багасаж, хэвлэлт, шуудан шатахууны зардал хэмнэгдэж байна. Бид 2023 ондоо энэхүү гаргасан амжилтаа бататгаж, илүү олон бүтээн байгуулалтыг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе” хэмээн хэллээ.
Тайлангийн хурлын төгсгөлд зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдаа шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Д. Батхүүг,
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Т.Батцэцэг,
Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгч Б. Чанцалдулам,
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 457 дугаар тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Санхүүгийн тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах шинжээч бөгөөд Сайдын багцын ерөнхий нягтлан Г.Алтангэрэл,
Сангийн сайдын тушаалаар “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, бичиг хэргийн ажилтан Ш. Даваацэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Өлзийжаргал,
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Улсын хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Ц.Батжаргалыг,
Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг сайжруулах шинэ санал санаачилга гаргаж “Шилэн төр” төслөөр оролцож “Сарын шилдэг ажилтан”-аар Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны шилдэг ажилтнаар Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Ц.Баяржаргал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б. Хулан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П. Насанжаргал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн мэргэжилтэн Ц.Хосгэрэл, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Бямбасүрэн,
Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит шагналаар Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Мөнхбаяр, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Э.Мөнхнасан, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Т.Мягмарсүрэн нарыг тус тус шагналаа.
Эх сурвалж: https://mrtd.gov.mn/i/3335